Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос “Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн стратеги ба боломж” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.05.06/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, О.Батнайрамдал, Р.Батболд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон холбогдох яам, агентлагын удирдах албан тушаалтнууд “Эрдэнэс үйлдвэр технологийн парк” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдэрийн газрын төлөөлөл, салбарын эрдэмтэн, судлаачид оролцсон.
Байнгын хорооны дарга Р.Сэддорж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Үйлдвэрлэл технологийн паркийн хөгжлийн стратегийн шийдлийн салшгүй хэсэг нь техник-технологийн асуудал байдаг. Бид хөгжлийг түргэтгэх нэрээр маш олон хуучирсан, эдийн засгийн эргэлтээс гарсан, байгаль орчны шаардлагад нийцэхгүй технологиудыг оруулж ирсэн жишээ олон бий. Энэ нь төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын эрсдэлийг нэмэгдүүлж, эдийн засгийг хүндрүүлэх, тооцогдоогүй зардлыг өсөн нэмэгдүүлэх, төслийн үр ашгийг илэрхий бууруулах олон талын сөрөг үр дагавартайг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн үйлдвэр технологийн парк нь улсын хөгжлийн стратегийн гол хөшүүрэг болохыг онцолж, цаашдын бодлогыг бодит мэдээлэл, оновчтой шийдлээр дэмжих зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг дурдлаа.