Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.3.10 заалтад “Мал, малын гаралтай түүхий эдийг боловсруулах байгальд ээлтэй цогцолбор байгуулж, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн экспортыг нэмэгдүүлнэ...”, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 3.3.10.2-т “Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ” гэж тусгагдсан. Мөн УИХ-аас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д Баруун бүсэд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтын түвшнийг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх хүрээнд Шинэ ховд үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулахаар тусгаад байна.
Өнгөрсөн онд Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк дэд бүтцийн зураг төсөв боловсруулахад зориулж 665 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд энэ онд 5.9 тэрбум төгрөгийг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд төсөвлөөд байна.
Дэд бүтцийн 6 төслийн бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлэн эрчимжүүлээд байгаа бөгөөд 2023 онд багтаан гол ажлуудаа дуусгах төлөвлөгөө, зорилттой ажиллаж байна. Төрийн зүгээс тус төслийн гол үндэс суурь болсон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байна.
Баруун бүс нийт мал сүргийн 24 орчим хувь буюу 15 орчим сая толгой малтай, түүхий эдийн нөөц бүрдүүлэх боломжтой боловч төвийн үйлдвэрлэлийн бүсээс алслагдмал байдаг. Ховд аймгийн хувьд баруун бүсийн тулгуур төв, хилийн 2 боомттой зах зээл харьцангуй нэвтрэх боломж сайтайг харгалзан үзэж үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар шийдвэрлэсэн. Шинэ ховд үйлдвэрлэл, технологийн парк нь УБ хотоос баруун зүгт 1,460 км, Ховд аймгийн Жаргалант суманд 100 га газарт төлөвлөсөн. Жилд 1 сая ширхэг арьс шир боловсруулах, жилд 3000 тн ноос, 300 тн ноолуур боловсруулах зэрэг нийт 19 үйлдвэр үйлдвэрүүд баригдана.
Дэд бүтцийн хувьд дараах ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:
-Паркийн авто замын хувьд нийт 5000 м урт хүнд даацын бетон 3.5 метрийн өргөнтэй, явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, авто зогсоолын хамт шийдвэрлэсэн.
-Шугам сүлжээ парк доторх цэвэр ус, саарал усны насосын барилга, гадна дулаан хангамж, ус хангамжийн шугам, ариутгах татуургын шугам далангийн ажил хийгдэнэ.
-Парк байрших үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг өндөр хурдны шилэн кабелиар интернэтээр хангах ажил хийгдэнэ.
-Одоо байгаа 35 кВ-ын Мянгад – Ховд чиглэлийн 2 хэлхээт ЦДАШ-ын тулгуураас салбарлан авч шинээр 35 кВ-ын хүчдэлтэй ЦДАШ 2x6300 кВА дэд станц баригдана.
-Дулаан хангамжийн хувьд ус дулаан дамжуулах төвийн барилга 4ш, дотор инженерийн шугам сүлжээ, уурын зуухны барилга 2 блок, уурын шугам, гадна дулааны шугамаас бүрдэх бөгөөд хэвтээ зуухаар төлөвлөсөн. Цаашид өргөтгөл хийж аймгийн тодорхой хэсгийг дулаанаар хангах боломжтой байдлаар шийдвэрлэсэн. Одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа 2 уурын зуух нь үйлдвэрийн зориулалттай уур гаргах боломжгүй юм.
-Арьс ширний үйлдвэрийн цэвэрлэх байгууламж нь жилд 1.000.000 /нэг сая/ арьс, шир боловсруулах үйлдвэрийн хоногт 500-700 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай.
Өнөөдрийн байдлаар цахилгаан хангамж 30 хувь, дулаан хангамж 23 хувь, авто зам 20 хувь, инженерийн шугам сүлжээ 18 хувь, холбоо хангамж 60 хувийн гүйцэтгэлтэй тус тус хийгдэж байна.