6 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1.Улсын Их Хурал үйлдвэрлэл, технологийн паркийн болон түүнтэй холбогдох бусад хууль тогтоомжийг батлах, тэдгээрийн биелэлтийг хянан шалгана.
7 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
7.1.Засгийн газар паркийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.паркийн талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
7.1.2.паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;
7.1.3.энэ хуулийн 5.2.1-д заасан паркийн удирдлагыг байгуулах, дүрмийг батлах;
7.1.4.паркийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих асуудлаар холбогдох дүрэм, журам, заавар баталж мөрдүүлэх;
7.1.5.Газрын тухай хуулийн 16.1.16-д заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах;
7.1.6.паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалтыг үйлдвэржилт, урт, дунд хугацааны хөгжлийн болон инновацийн бодлого, дэд бүтцийн хөгжил, түүхий эд, ажиллах хүчний нөөц, зах зээлийн эрэлт, хэрэгцээг харгалзан батлах;
7.1.7.паркт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд сурталчлах, борлуулахад дэмжлэг үзүүлэх, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;
7.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.
8 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасан үйлдвэрлэл, технологийн паркийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ паркийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.харьяалах асуудлаар паркийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, хяналт тавих;
8.1.2.дэвшилтэт техник, технологийн судалгаа хийх, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, эрэлт хэрэгцээний хэтийн төлөвийг тодорхойлох зорилгоор паркийн мэдээллийн сан үүсгэх, хөтлөх, холбогдох журмыг батлах;
8.1.3.паркийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах, үнэлэх, дүгнэлт гаргах;
8.1.4.паркт шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх, бэлтгэх, давтан сургах чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
8.1.5.паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/ олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох талаар санал боловсруулж, Засгийн газраар шийдвэрлүүлэх;
8.1.6.паркийн удирдлагатай гэрээ байгуулах, хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих, дүгнэх;
8.1.7.паркийн хөгжлийн төлөвлөгөө болон нэгжийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байгуулах, дүрмийг батлах;
8.1.8.үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, зах зээлийг өргөтгөх, шинэ технологи нэвтрүүлэх, мэргэжлийн үйл ажиллагааны стандарт тогтоох, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, хөрөнгө оруулалт татах, сурталчлах чиглэлээр мэргэжлийн төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
8.1.9.хуульд заасан бусад бүрэн эрх.
9 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
9.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал паркийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.энэ хуулийн 7.1.6-д заасан жагсаалтын дагуу паркийн нутаг дэвсгэр, байршлыг тогтоох;
9.1.2.Газрын тухай хуулийн 16.1.16-д заасан зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, гаргах;
9.1.3.паркийн дэд бүтцийг барьж байгуулах асуудлыг үнэт цаас гаргах, төр, хувийн хэвшлийн оролцоог дэмжих болон бусад хэлбэрээр шийдвэрлэх;
9.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
10 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
10.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга паркийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1.паркийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөлд хяналт тавих;
10.1.2.холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн паркийн удирдлагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэн, гэрээ байгуулах;
10.1.3.энэ хуулийн 5.2.3, 5.2.4-т заасан паркийн газрыг эзэмшүүлж, ашиглуулах асуудлыг Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх;
10.1.4.харьяалах нутаг дэвсгэртээ үйлдвэрлэл, технологийн парк байгуулахад дэмжлэг үзүүлэх;
10.1.5.харьяалах нутаг дэвсгэртээ үйлдвэрлэл, технологийн паркийн асуудлаар гарсан шийдвэр, хэрэгжүүлж байгаа төслийн талаар тухай бүр олон нийтэд мэдээлэх;
10.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.